Wednesday, May 13, 2015

ГОВИОС ИРДЭГ БАЙСАН ХҮН



           Ж.Осоржин агсны тухай дурсамж тэмдэглэлийн "Хэцүү уншигч" номыг гэр бүлд нь эмхтгэн хэвлүүлжээ. Энэ номд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Соёлын гавъат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Д.Шагдарсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл,  "Болорцом"ын эзэн Д.Болдхуяг, Б.Ичинхорлоо гэх мэт олон хүн түүний тухай дурсамжаа үлдээсэн байна.
              Тэр   хүн... дахиад хэзээ ч говиос ирэхгүй... Элэгдэж хуучирсан лоовуузаа эсвэл гандсан бүрхээ үл мэдэг далиу тавиад, зундаа бол нар амтагдсан, өвөлдөө бол жавар ханхийсэн хөх дээлээ өмсөөд, бас ч үгүй хэдэн жилийн эдэлгээ даачихсан хромон гутлаа жийгээд, жижигхэн дөрвөлжин номын баринтагаа бариад... дахиж говиос ирэхгүй... Тэр  хүн дахиад хэзээ ч Бавуугийн Лхагвасүрэн гуайн өгсөн бор ширэн цүнхэн дотроо дүүрэн ном чихчихээд намайг дуудаж, шөнийн чийдэн дор цомцойтлоо зогсож байхгүй... Сайн сууж байв уу? хүү минь гээд үнсэхгүй... надад цүнхээ өгөхгүй... хамтдаа манайхруу алхахгүй... гэрийн маань наана байдаг жижигхэн цагаан дэлгүүрээс эхнэр хүүхдэд маань чихэр авахгүй... манай гудамжаар нэг нь бүдүүн нөгөө нь нарийн тамхи зуусан өндөр нам хоёр хүн алхахгүй... Тэр хүн дахиад хэзээ ч... үр хүүхдүүдийг маань үнсэхгүй, эхнэрийн маань гараа гаргаж хийсэн хоолыг идэхгүй, гэрийн маань баруун орон дээр тухлахгүй... номыг санг маань онгичихгүй... шинэ ном байвал дээрэмдэхгүй... Ричард Клайдемены төгөлдөр хуурын гоцлолыг сонсож, рехстагийн дэргэд пив ууснаа ярихгүй... Германд сурч байгаад хориотой “түүхийн” түүхийн шүлэг бичээд хөөгдөж ирсэнээ хэлэхгүй... Тэр хүн дахиад хэзээ ч... намайг пив уусан тухай эхнэрээс минь сонсоод загнахгүй... би гэмшингүй суухгүй, охинтой минь гар утсаа булаацалдахгүй... хүүд маань малгайгаа өгөхгүй... Тэр хүн дахиад хэзээ ч... утга зохиолын тухай ярихгүй, их уншихыг нууцыг хэлэхгүй... хүнд гэмгүй явахын сайхныг үлгэрлэхгүй... хорхойд хоргүйгээр инээхгүй... элдэв шог, говийн паян хөөрөхгүй, дэлхийн сонгомолуудыг цуглуулахгүй... Франц явахгүй... яаваараа тоосруулахгүй... яруу найраг уншихгүй... яруу найрагчийг зоригжуулахгүй... ядарсан хүнийг аргадахгүй... задарсан хүнийг алгадахгүй... Тэр хүн дахиад хэзээ ч... “Болор цом” үзэх гэж тэмээ унаж ирэхгүй... үнэнч шударга байхгүй... үхлээс айхгүй... үзгээ тавихгүй... хүүхэд шиг алим идэхгүй... Тэр хүн дахиад хэзээ ч... муухан жүжигчддийн мөн чанарыг нээж олоод шоолж инээхгүй... сайн хүн алдахад гуниглахгүй... гуйх тухай бодохгүй... гудиггүй... хаа байсан говиос утас цохиж халуурч байна гэнэ, чи. эм уу... ах нь удахгүй очино гэхгүй... боллоо... Тэр хүн... миний дутаж явах хүмүүсийн нэг болчихлоо... хүнээр дутна гэдэг миний хувьд бурханаар дутахаас илүү зовлон.
Сэр-Одын    нэрэмжит
шагналт яруу найрагч
О. Цэнд-Аюуш
2012.12.18

No comments:

Post a Comment